Popular Posts

Thursday, January 19, 2012

Ромын папыг чичрүүлсэн Гүюүгийн захидал

Энэ бол одоо болтол Ватиканы түүхийн музейд хадгалагдаж байгаа Монголын 3-р их хаан Гүюүгээс Ромын папад илгээсэн төрийн бичиг билээ. Уг бичиг нь 20 см өргөн, 120см урттай цардмал цаасан дээр сарацин /лере/ үсгээр бичсэн бөгөөд их хааны тамгыг цаасны уулзвар наалт бүхий бичээсийн төгсгөлд шунхаар дарсан байдаг аж.

Гүюүг хааны энэ хүү төрийн бичиг Вакитаны сан хөмрөгт байсныг 1920 онд Кирил Каролевский анх удаа олж үзээд, гэрэл зургаар буулган авч Ираны эрдэмтэн Массэ гэгчид өгч судлуулжээ. Анхны орчуулгыг Массэ хийсэн байна. Үүнээс хойш энэ хүү бичгийг өнөөг хүртэл олон арван эрдэмтэд янз бүрээр орчуулжээ. Уг бичгийн нэгэн орчуулгыг сонирхуулъя.

“Мөнх тэнгэрийн хүчин дор. Бүх аугаа их ард иргэдийн далай хааны зарлиг. /энэ хэдэн мөр үеийг туркээр бичсэн байдаг/

Зарлигийг минь шашны их хаан ухаартугай. Караль хэмээх газар хурилдай хийж ахуйд танай элч томилон гуйчилбай. Гуйчлалыг тань элчээс тань сонсвой. Та нар хэрвээ өөрийн хэлсэн үгэнээ суух болвоос шашны их хаан чи биеэр ирж, бидэн лүгээ учрах хэрэгтэй. Бид нар та нарт засагт /хуульд/ дурдсан зарлиг бүхийг сонсготугай. Бас надад сайн ёсыг хүлээлгэх нь сайн явдал хэмээн та нар хэлэв. Та нар элч томилон ийн гуйчлуулсан нь сэцэн болой. Гэвч бид таны гуйчлалыг ойлгохгүй байна. Бас та нар элч томилж “Та нар бүх мажар /унгар/ ба христосын мөргөлтний орныг эзлэв” хэмээн надад хэлэв. Эдгээр үгийг чинь бид үл ойлгоно. Чингэс хаан хийгээд хаан миний бие басхүү элч томилон тэр хоёр орныг тэнгэрийн бошгыг /зарлигийг/ дагатугай хэмээв. Гэвч тэдгээр хүмүүс тэнгэрийн бошгыг үл дагав. Чиний өгүүлж буй тэдгээр хүмүүс их чуулган чуулж, ихэд дээрэнгүй аашилж, манай элчийг алсан. Тиймээс мөнх тэнгэрийн хүчин дор тэдгээр орны хүмүүсийн алсан бөгөөд устгасан болой. Харин зарим хүмүүсийг тэнгэрийн бошиг ба түүний хүчээр аварсан болой. Түүнээс энгийн ард иргэдийг хэрхэн барьж хорих билээ.

Чи өгүүлсэн бишүү? “Би бол христосын мөргөлтөн. Би дээд тэнгэрийг хайрламай. Би нүгэлийг жигшинэ гэж. Гэтэл дээд тэнгэр чинь ял нүгэл хийсэн атал бас энэрэх сэтгэл өвөрлөмой. Хэмээснийг чи мэдэхүү ? чи ийм үгийг өгүүлсэн бөгөөтөл дээд тэнгэрээ хэрхэн таних билээ. Наран мандах орноос наран жаргах орон хүртэл бүх ертөнцийн тэнгэрийн хүчин намайг ивээмой. Тэнгэрийн бошгоос гадна хэн ч үл үлдэж болно. Одоо та нар “ Бид болбоос таны харъяат албат, аливаа эд хөрөнгийг дуртай өргөмүй, хэмээн үнэн сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй бөгөөд чи харъяат ван нараа дагуулан, нэгч хоцролгүйгээр бидэнд бууж өгөх хэрэгтэй. Ийм болбоос бид сая та нарыг нэр дагажээ хэмээн үзмой. Та нар хэрэв тэнгэрийн бошгыг үл даган , зарлигийг эсэргүүцвээс даруй дайсан болмуй. Тэнгэрийн дурьдсан аливаа зарлигийг та нар эрх биш ухаартугай. Хэрвээ буруу санаа өвөрлөвөөс хэрхэхийг тэнгэр мэдмой... гэжээ.

756 жилийн тэртээ Монголын их хаан ертөнц дахины эзэн гэгдэж байсан Ромын папыг ийм их үгээр айлгаж байжээ. Гүюүг хааны эл захидлыг Ромын папын дээд зөвлөл олон өдрийн турш айн дагжин хэлэлцэж, дорноос цөмрөн буй аюулын өмнө хормой чичрүүлэн сууж байсан гэж он дараалалын түүхийг зохиогч мэргэд бичиглэн үлдээсэн нь өнөөг хүрчээ. Энэ захидал илгээлтийг гүюүг хаан 1246 оны 11 сарын 3-11 ний өдрүүдэд намрын ордон бүхий газраа эхлээд монгол бичгээр бичиж дараа нь перс хэл дээр хөрвүүлэн Ромын папап илгээжээ. Урьд өмнө нь хэн ч ингэж ромын папыг дагжин чичрүүлж байсангүй. Гүюүг ч Ромоос хариу эс ирсэнд хилэгнэхдээ их цэргээ өрнө тийш хөдөлгөсөн гэдэг. Харамсалтай нь Гүюүг хаан тэнгэрт хальж, алтан ургийнхан хаан ширээний төлөө өрсөлдөж Ром мартагдах нь тэр. Ингэж Ром дорнын нүүдэлчин монголчуудаас аврагдсан билээ.